2024-03-29

COVID-19 коронавирус агаарт 30 минут байж 4,5 м зай туулах чадвартай

Хятадын тахал судлаачид ийм дүгнэлт хийсэн тухай “South China Morning Post” сонин уламжилсан байна. Хунань мужийн эрдэмтэд шинэ коронавирусийн халдвар тархсан нэг тохиолдлыг нарийвчлан судлаад ийм дүгнэлт хийсэн аж. Тухайн үед халдвар авсан хүн хот хоорондын тээврийн автобусаар амны хаалтгүй аялах зуураа өөрөөс нь 4,5 м-ийн хол сууж байсан гэр бүлийн хос болон, автобусны бусад газар сууж явсан өөр хэдэн хүнд халдвар тараасан байж.

Мөн тухайн автобусыг хуучин зорчигчдоо буулгаснаас 30 минутын дараа залгаж суусан дараагийн рейсийн өөр нэг хүн халдвар авсан байна. Гэхдээ дэлхий даяар халдвар тархах үед сахих ёстой аюулгүй зайг 2 метр гэж мөрддөг.

Түүнчлэн халдвар авсан хүнийг найтаах, ханиах үеэр үсэрдэг шүлсний дусал доторх шинэ коронавирус нь нэлээд хэдэн өдрийн турш хадгалагдан үлддэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Гаднах температур 37 °C үед коронавирус нь шил, төмөр, даавуу, цаас, хуванцар дээр гурван хоног хүртэл хадгалагддаг аж. Иймд олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах нь зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг эрдэмтэд давхар нотолжээ.