2024-04-23

АРВАЙХЭЭР СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН 3000 АЙЛ ӨРХӨД ЮНИВИШНИЙ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРНЭ

Юнител группийн зүгээс Өвөрхангай аймагт үүрэн холбооны хүртээмжийг сайжруулах, гэр хорооллын айл өрх, алслагдсан багийн иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2021 онд  “Юнивишн гэр хороолол” төслийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллын 7 багийн 500 гаруй айл өрхийг гурвалсан үйлчилгээнд нэвтрүүлж өндөр хурдны интернэтэд холбож байсан юм. Тэгвэл энэ онд дээрх төслийн хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3000 айл өрхийг шилэн кабельд холбохоор төлөвлөж байна. Түүнчлэн 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 сумын алслагдсан багууд болон аялал жуучлалын бүс хүйсийн найман нуур, автозам дагуу буюу шартын даваа орчимд  4G сүлжээг нэвтрүүлэх ажлыг гэрээний хүрээнд хийх юм.  

Юнител групп нь дээрх ажлыг  нийгмийн хариуцлагын хүрээндээ өөрийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Харин аймгийн удирдлагуудын зүгээс дээрх ажлуудыг ажил хэрэг болоход дэмжин ажиллахаа илэрхийллээ.