2024-03-29

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 11 НАСТАЙ ХҮҮХЭД ЭРСЭДСЭН БАЙНА

Энэ сарын 22-ны шөнө Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гарган Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлсэн байна. Харамсалтай нь зорчигч Д \11 настай, эрэгтэй\ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 331 зөрчлийн 56.1 хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах шийтгэл авчээ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хамгаалахыг нийт жолооч нарт холбогдох албанаас анхааруулж байна.