2024-04-20

Аймгийн Замын цагдаагийн тасаг улсад тэргүүлжээ

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг үнэлж, Тээврийн цагдаагийн албаны нутаг дэвсгэр хариуцсан Замын цагдаагийн нэгжүүдээс шилдэгүүдийг шалгаруулав. Өвөрхангай аймгийн Замын Цагдаагийн тасаг 2021 оны ажлын үр дүнгээрээ “Шилдэг тасаг”-аар шалгарч улсад тэргүүлжээ.

Замын Цагдаагийн тасаг аймгийнхаа нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахиулах, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар 2018-2020 онд зам тээврийн осол, хэргийн тоог 30-45 хүртэл хувиар бууруулж, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлжээ.

Хяналтын байнгын гурван постыг улсын болон орон нутгийн 142.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, орон нутгийн замд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулсан байна.