2024-04-18

Богд хаант Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ

Монголчууд дэлхий дахинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, төрт улсаа сэргээн байгуулсны 110 жилийн ой өнөөдөр \2021.12.29\ тохиож байна. 

Тус өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, ЕТГ-ын дарга Я.Содбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Шанхын хийдэд очиж Богд хаант Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Тус хийдэд  Богд Хаант Монгол Улсын төрийн шинэ тугийн эх хувь байдаг ба орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоожээ. Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахьдаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг аж.