2024-04-26

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 91.4 хувьтай үнэллээ

Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан хуралдаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг хэлэлцэн 91.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ.

2021 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 61 зорилт, 343 арга хэмжээг тусган хэрэгжүүлсэн бөгөөд салбар бүрт тодорхой ахиц дэвшил гарсан хэмээн үзэж байгаа юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны урьдчилсан дүнгээр 657.7 тэрбум төгрөгт хүрч, нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны урьдчилсан дүнгээр 5638.5 мянган төгрөг байгаа нь урд оноос өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 2021 оны урьдчилсан дүнгээр 214.9 тэрбум төгрөгт хүрч, урд оноос 13.5 тэрбум төгрөгөөр өсжээ.

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг иргэдийн дунд хэвшил болгох, хүүхэд залуучуудад эх оронч үзэл, соёлч иргэн төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг аймгийн ИТХ-аас үүрэг болголоо.