2024-04-26

ЭНЭ ЖИЛ 500 ӨРХӨД УГААР МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА

Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж эхэлсэн.Сайжруулсан түлш нь утаа тортог, аюул багатай хэдий ч хэрэглэгчдийн буруу ажиллагаанаас үүдэлтэйгээр хий алдах, угаартах эрсдэл бий. Тиймээс энэ жил 500 айлд угаар мэдрэгч дохиоллын системийг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг угаар мэдрэгч нь угаарын хий нэмэгдэх, аюултай түвшинд хүрэхэд дуут дохио гаргаж, тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээллийг хяналтын төвд илгээдэг технологийн орчин үеийн шийдэл бүхий төхөөрөмж юм.

Түүнчлэн, “Интеллигент технологи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж бага, дунд оврын халаалтын зууханд зориулсан, утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг суурилуулна. Уг төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцорыг стандартаас 20.6 дахин багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай юм. Эхний ээлжинд Арвайхээр сумын ЗДТГ-ын уурын зуух, гэр хорооллын 100 өрхийн ердийн зууханд суурилуулах аж.