2024-04-25

ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД ӨВӨРХАНГАЙЧУУД МАНЛАЙЛАА

Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн 12-р ангийн сурагчид, орос хэлний багш нар мэдлэг, ур чадвараа сорилоо. Олимпиадад шалгарсан багш, сурагчид ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулах бөгөөд Өвөрхангай аймгийн багш сурагчид манлайлалаа.

Тодруулбал, Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн багш Ё.Чулуунчимэг, ЕБ-ын I дүгээр сургуулийн багш Ж.Баяртогтох, С.Оюун, Булган аймгийн ЕБ-ын сургуулийн багш Т.Цэрэнням, “Гурван-Эрдэнэ” сургуулийн багш Л.Нарангэрэл нар шилдгийн шилдэг багшаар шалгаран 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхтэйгээр шагнагдлаа.

Мөн Арвайхээр сумын I дүгээр сургуулийн сурагч Б.Хуланхатан, Ж.Баярсайхан, П.Бат-Очир, Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Ч.Түмэнбаяр, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Энхсайхан, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн сурагч А.Номин-Эрдэнэ, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч М.Оролмаа нар шилдэг сурагчаар шалгаран ОХУ-д өөрийн хүссэн мэргэжлээрээ 5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, диплом, үнэ бүхий зүйлийг гардан авлаа.