2024-03-29

Тэмүүлэл-Эрдэм сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Тэмүүлэл-Эрдэм урлагийн төрөлжсөн сургууль 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж өнөөдөр \2021.08.23\ нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагууд оролцлоо.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ удаагийн хичээлийн жил хэд хэдэн онцлогтой. Нэгт Монгол Улсад орчин цагийн боловсрол үүсэн байгуулагдсаны 100 дахь жилийн түүхэн үе тохиож байна. Хоёрт ковидын халдварын эрсдэлтэй хүнд үе ч гэлээ, хичээлийн хоцрогдлыг нөхөх маш том зорилго дэвшүүлж байгаа. Багш, сурагчдын хувьд сэтгэл санааны стресс дарамт үүссэн учраас ЕБС-т сэтгэлзүйчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үдийн цай үдийн хоол болгож байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт дэвшүүлсэн” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж байгаа. Өвөрхангай аймагт жил бүр шинэ сургууль ашиглалтанд орж байна. Өнгөрсөн жил 928 хүүхдийн сургуулийг, энэ хавар 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулсан. Энэ бол хүүхдүүдийн сурч хөгжих орчныг сайжруулахад онцгой анхаарал тавьж байгаагийн илрэл” гэв.

Түүнчлэн ирэх жилийн төсөвт тус сургуулийн спорт заалыг барих санхүүжилтыг тусгана гэдгээ гишүүд болон сайдын зүгээс амласан ба гал тогооны иж бүрдэл, ширээ сандлыг нийлүүлэв.