2024-04-20

Усан спорт сургалтын төвийн барилгын гүйцэтгэл

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Усан спортын цогцолбор” болон гудамж, талбайн камержуулалтын өргөтгөлд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар байгуулсан. ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Н.Төмөрбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг дээрх хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг үнэлж, дүгнэлт гаргалаа. Усан спорт сургалтын төвийг “ӨВ МТХ” ХХК улсын төсөв болон ОНХС-гийн 3.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх гэрээг байгуулж, энэ оны 4 дүгээр сард ажлаа эхэлсэн. Гэвч төлөвлөсөн хугацаандаа барилгыг ашиглалтад оруулж амжаагүй байна. Бетон зуурмаг нийлүүлэгч компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, барилгын угсралтын ажил ид урин цагаар хоёр сар орчим зогссон нь төлөвлөсөн хугацаа хэтрэх нөхцөл болжээ.
Мөн энэ онд Арвайхээр сумын 9 цэгт 22 камер байршуулсан бөгөөд 2013 оноос хойш 54 цэгт 138 камерыг суурилуулаад байна. Камержуулалт нь гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид камерын ашиглалтыг сайжруулж, иргэдийн хүсэлтийн дагуу шүүж, мэдээлэл өгч ажиллах шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа.