2024-04-19

Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий суманд хөл хорио тогтоолоо

Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт ковид19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр тус суманд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хариу арга хэмжээний баг ажиллаж сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байна.

Эрсдэлтэй хугацаанд /2021 оны 03 дугаар сарын 01-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд сул эерэг гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, эрсдэл өндөр боллоо.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 00.10 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх дөрвөн суманд хөл хорио тогтоож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.

-Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав.

-Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав.

-Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд

Эрчим хүч

Дулааны үйлдвэрлэл

Хүнсний худалдаа, үйлдвэрлэл

Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага,

Уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав.

-(Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.