2024-03-29

Төрийн үйлчилгээний 108 төрлийн банкны гүйлгээг хийх боломжтой киосик машиныг суурилууллаа

Монгол Улсын Засгийн газар болон аймаг орон нутгаас ирэх дөрвөн жилд цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилт тавьж ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртал үүсгэхгүйгээр хүргэх зорилгоор шат дараатай ажил хийж байгаа юм. Үүний нэг нь Өвөрхангай аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд  аймгийн үйл ажиллагааны зардлаас хөрөнгийг нь шийдэж, төрийн үйлчилгээний 108 төрлийн банкны гүйлгээг хийх боломжтой киосик машиныг суурилууллаа. Иргэд тус машинаар үйлчлүүлэхдээ иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, лавлагаа, бусад үйлчилгээний төлбөрийг банкинд дараалал үүсгэхгүйгээр авах боломжтой. Цаашид сумдын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор шат дараатай суурилуулна гэдгийг албаныхан хэллээ.

Өвөрхангай аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 19 чиг үүргийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Мөн иргэн үйлчлүүлээд гарахдаа тухайн алба хаагчийн ажил үйлчилгээг үнэлж  үнэлгээ өгөх юм.