2024-03-29

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн нээлтийг энэ сарын 1-нд цахимаар хийлээ

Аймгийн ЗДТГ-аас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн нээлтийг 2 дугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйг бодлогоор дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, малын тэжээл тарих, малаа эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа хэрэгцээг хангах зэрэг томоохон зорилтыг энэ онд тавьж байгаа юм. Энэ хүрээнд зорилтот жилийн ажлыг зохион байгуулах хороог байгуулж, дөрвөн зорилт, 67 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг бөгөөд үүний 90 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл жилээс жилд өсч, 2018 онд 216.3 тэрбум төгрөг, 2019 онд 266 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

Зорилтот жилийн үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга А.Ишдорж “Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид түлхүү олгох, сум бүр атаршсан талбайгаа сэргээж, малын тэжээл тариалах, малаа эрүүлжүүлэх, айл өрх бүр эрүүл хүнс хэрэглэхэд анхаарах зайлшгүй шаардлага байгаа” гэж онцоллоо.