2024-04-19

МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ҮНИЙН НЭГДСЭН БОДЛОГО, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сэтгүүлч:Б.Нямдорж

Идэр есийн хүйтэн эд дундаа орж, 2 дугаар сар гарсан ч хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа учраас малчид отор нүүдэл хийсээр буй. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийг зураглаж гаргажээ.

Тодруулбал, зудын эрсдэлд нийт таван аймгийн 34 сум орсон бөгөөд Өвөрхангай аймгаас Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг зэрэг сумдууд байгаа юм.

Өвөрхангай аймгийн нийт 1900 малчин өрх, 1 сая гаруй малтай 13 аймгийн 140 гаруй суманд отроор яваа. Энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага, намаржаа муу, газрын гарц тааруугаас отор их. Малчид 11 дүгээр сараас хойш малдаа тэжээл өгч байна.

Он гарснаас хойш Засгийн газраас Говь-Алтай аймгийн 10 сумын 4200 малчин өрхөд 1.1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16.300 малчин өрхөд 4.2, Баянхонгор аймгийн 20 сумын 1200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4000 малчин өрхөд 1, Дундговь аймгийн 15 сумын 7200 малчин өрхөд 1.8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгожээ. Тус ажлыг аймгуудын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан, тусламж үзүүлсэн Дэлхий банкнаас журам, дүрмийн дагуу хянаж ажилласан байна. Эхний ээлжинд өвөлжилт хүндэрч буй 5 аймгийн 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлсэн юм. Мөн отроор яваа малчин өрхөд 1200 тн тэжээл хүргэсэн байна. Хэдий тусламж хүргэж байгаа ч энэ нь малчдад хангалттай дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгааг малчид ярьсаар л.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал 5-р багийн малчин Б.Баасанхүү: Өвс, тэжээлийн үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн

Манайх 300 гаруй хонь, ямаа, 50-иад үхэр, адуутай. Манай суманд цас их орсон болохоор өвөлжилт хүнд байна. Хамгийн сүүлийн цас 1 дүгээр сарын 30-нд орсон. Өвсний гарц муугийн дээр цасанд дарагдсан болохоор мал бэлчээрт гарахад хүнд. Айлууд одоо ч отор нүүдэл хийгээд л байна. Манайх хүн бүл цөөн учраас оторт явж чадсангүй. Өвс, хивэг худалдаж авч малаа тэжээж байгаа. Өвс анх авахад 13 мянган төгрөг байсан бол одоо 15 мянган төгрөгт хүрсэн. Харин хивэг 18 мянган төгрөг байсан бол одоо 23.500 болсон байна лээ. Манайх арай хямд тусна гэж 20 гаруй адуугаа л тэжээж байгаа. Өдөрт хоёр удаа өвс, хивэг өгөхөд сард 60 боодол өвс, 10 гаруй хивэг өгдөг. Тэтгэвэр буухаас өмнө дандаа зээлж авна. Ченжүүд өвөлжилт хүнд байхад эд нар авахаас өөр яадаг юм гэж үнээ нэмээд байгаа. Үнийг тогтмол барихад нэгдсэн бодлого хэрэгтэй байна.

Отроор явж буй малчин 350 өрхөд хүнс болон малын тэжээл, эмийн багц өгчээ

            УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир нараар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг гаран Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт отроор явж буй малчин 350 өрхөд хүнс болон малын тэжээл, эмийн багц өгсөн. Мөн тухайн сумын Засаг дарга нартай уулзаж, малчдыг өвөлжүүлэх гэрээ хэлэлцээр хийсэн байна. Тус сумын Засаг дарга нарын зүгээс отроор явж буй малчдыг өвөлжүүлж, 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бэлчээр чөлөөлөх шаардлагыг тавьж буй аж. Хэдий тус сумын зүгээс өвөлжүүлж байгаа ч энэхүү шаардлага нь хүндээр тусч байгаа юм. Учир нь мал төллөх үе учраас нүүх боломжгүйгээ малчид хэлж буй.

Булган аймгийн Дашинчилэн суманд отроор өвөлжиж буй Төгрөг сумын 3-р багийн малчин Б.Бадамханд: 4 дүгээр сарын 1-нээс нүүгээрэй гэсэн ч мал төллөх үе учраас боломжгүй

Манай суманд зуншлага муу болохоор ихэнх малчид л Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг руу нүүсэн. Өвөлжиж байгаа газар цас ихтэй. Малаа бэлчээрт гаргахдаа төлөг, борлонгоо авч үлдэж тэжээдэг юм. Аймгийн удирдлагууд 6 уут хивэг, 4 уут нүүрс өгсөн. Нутгаасаа хол яваа түлш муу байхад нүүрс өгсөн нь том дэм болж байна. Өвс, хивэг авах гээд суманд очихоор отроор яваа айл гээд үнээ нэмчихдэг. Тэгээд мал зарах гээд очихоор хямдхан авдаг. Отор нүүдэл хийж яваа болохоор малын тэжээл арай л баг орж байгаа. Саяхан гэхэд л 1 сая гаран төгрөгийн тэжээл авсан. Буусан үед Хишиг-Өндөр сумаас хэд хоногийн дараа нүүгээрэй гэсэн мэдэгдэл барьж орж ирсэн. Харин аймгаас отроор яваа малчдыг хөөхгүй гэсэн тушаал нь гарсан. Саяхан 4 дүгээр сарын 1-нээс нүүгээрэй гэж байна лээ. Мал төллөх үеэр учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Аймгийн удирдлагаас отроор хол аймагт яваа малчдаа эргэж түлш, тэжээлийн дэмжлэг үзүүлсэнд нь баярлаж байгаа. Сайхан өвөлжүүлж байгаа тус сумын засаг захиргаанд баярлалаа” гэсэн юм. Эднийх нутгаасаа 10 дугаар сарын 7-нд хөдлөөд 11 дүгээр сарын 1-нд одоогийн өвөлжиж буй газраа буужээ. Мөн Хишиг-Өндөр сумаас отрын айлуудаа эргэж, эмч нар үзэж, эмнэлэгт шинжилгээ өгөхийг зөвлөсөн ч өгч чадаагүй байна.

Зудын эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулах нь төслийг хэрэгжүүлж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн 5 аймагт зудын эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулах нь төслийг хэрэгжүүлж байгаа юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 1 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүлээлгэн өгсөн юм. Тус төсөлд Өвөрхангай аймгийн 10 сумын 200 малчин өрх хамрагдсан байна. Хэдий отор нүүдэл хийж яваа болон зудын эрсдэлтэй сумдуудын малчдаа Засгийн газар, аймаг, орон нутгаас нь хивэг тэжээлийн тусламж үзүүлж байгаа ч хангалттай дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Малын хивэг тэжээлэнд ихэнх мөнгөө зарцуулж, өөрсдийн эрүүл мэндээ хайхралгүй орхиж байна. Тийм учраас малчдад өвс, тэжээлийн үнийн нэгдсэн бодлого, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байна.