90 жилийн ойг угтаж “Миний Өвөрхангай” сарын аяныг эхлүүллээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 онд “Өвөрхангай аймаг анх байгуулагдсан түүхэн өдрийг түүх, судалгааны баримт материалуудад тулгуурлаж, 1931 оны хоёрдугаар дугаар сарын 18-ны өдөр үүсэн байгуулагдсныг баталгаажуулан, “Аймгийн хүндэтгэлийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон.  Энэ жил уг түүхэн өдрийг угтаж “Миний Өвөрхангай” аяныг 2021 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо.

Аяны хүрээнд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдаар дамжуулан эцэг, эхчүүд, иргэд, олон нийтэд Өвөрхангай аймгийн түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудыг судлан мэдүүлэх зорилго өвөртлөн хичээлийн агуулгад тусгах аж.  Дээрх сэдэв агуулгын хүрээнд багш нар 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргазүйгээр хүүхдүүдтэйгээ ажиллаж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм.