Б.Отгонбаяр: Адуу бол олонтой танилцуулж байдаг бүлээн хошуутай сайхан амьтан

Сар шинийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан малчид, тариаланчдыг Аймгийн аварга  цол, тэмдгээр шагнадаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас манлай малчин тав, аварга малчин 83, аварга саальчин нэг, аварга тариаланч 6, аварга фермер нэг шалгарсан байна.  Аймгийн “Манлай малчин”-аар шалгарсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1-р багийн малчин Б.Отгонбаярын гэр бүлтэй ярилцлаа. Б.Отгонбаярынх аймагтаа хамгийн олон буюу 475 толгой адуу тоолуулжээ.

-Танай гэр бүлд Аймгийн манлай малчин цол хүртсэнд баяр хүргэе. Адууг хэзээнээс маллаж эхэлсэн бэ. Аймагтаа адуугаараа тэргүүлсэн байна шүү дээ?

-Би 2004 онд буюу 15, 16 наснаасаа сургуулиас гараад, одоог хүртэл адуу маллаж байна. Миний өвөө аав, аав хоёр адуучин хүмүүс. Адуучин удмаа залгаад ажиллаж, амьдраад явж байна даа. Залуу хүн байна цааш зүтгэлгүй яах вэ. Аав маань адуучин байсан болохоор надад байнга зөвлөдөг. Зааж, сургаснаар нь л явж байна.

-Энэ жил өвөлжилт ямар байна. Танайх хаагуур нутаглаж байгаа вэ?      

-Манай суманд энэ жил зуншлага муу. Сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд отроор өвөлжиж байна. Сүүлийн үед отроор явахад адууг үздэг хүн байхаа больсон. Хөөвөр, туувар ихтэй хөөж туух асуудал их гарна аа. Хуучин бол малчин бид биенээ хөөхийг мэдэхгүй мал сүргээ хайрлан нүүдэллэн аж төрөөд болоод л байлаа. Тиймээс малыг чанаржуулж зуд цурханыг даваад гарах чадалтай байх тал дээр анхаарах нь зүйтэй гэж харж байна даа.

-Адуу бол онцлогтой мал шүү дээ. Маллахад юун дээр илүү анхаарах ёстой байдаг юм бэ?

-Адуу дагаж явахад сайхан шүү. Олонтой танилцуулж байдаг буянтай, бүлээн хошуутай сайхан амьтан. Намайг сургуульд байхад, хөдөө мал дээр гарах сонирхолтой хүүхэд их байдаг л байсан. Харин одооны залуучууд хөдөө мал маллахаа больжээ. Гэхдээ байлгүй яах вэ. Аав, ээжийнхээ өвлүүлсэн мал маллах арга ухаанаар л явж байна.  

-Малаа хэдэн төрлөөр нь өсгөж байгаа вэ?  

-Тэмээнээс бусдыг нь өсгөн үржүүлж байна. Өмнөх жил манайх Аймгийн аварга малчин болсон. Энэ жил адуугаа зах зээлийн эргэлтэд оруулж борлуулсан ч эргээд төлөөрөө нөхсөн. 475 толгой адуу тоолуулж, аймагтаа тэргүүлж, Аймгийн манлай малчин хэмээх цол авсан даа баяртай байна. Энэ жил зах зээлийн эргэлтэд оруулж борлуулсан ч, эргээд төлөөрөө нөхсөн.

-Хэдэн туслах малчинтай вэ? Бод мал маллагаа их шаарддаг шүү дээ?  

-Манайх нэг туслах адуучинтай. Мөн өөрийн төрсөн ахтайгаа нийлээд гурван зэрэг явдаг. Манай хүүхдүүд одоохондоо бага. Адуу малд явж, тусад орох болоогүй л байна.

– Хүүхдүүдээсээ үе залгамжлах адуучин төрүүлэх үү?

– Тэгэлгүй яахав. Аав ээжийнхээ өвлүүлж өгсөн энэ сайхан адуун сүргийг үе залгамжлан маллана гэж боддог. Хүүхдүүдийн нэг нь адуучин болно гэдэгт итгэж байгаа шүү.

-Сүүлийн гурван жил отроор явж байгаа гэж хэллээ. Тухайн нутаг орныхон хэрхэн хүлээж авч байх юм?

-Нутаг орныхон сайхан хүлээж авдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд гурав дахь жилдээ очиж байгаа болохоор хүмүүсээ таньдаг болчихсон. Тэр нутгийн л хүн болчихоод байна.

-Аймгийн аварга малчин, манлай малчин болоход гэр бүлийн хүний хөдөлмөр их байх аа?

-Миний өөрийн дан ганц хөдөлмөр гэж юу байх вэ. Ханийн минь түшиг, тулгуур шүү дээ. Бүх зүйлд хамт явдаг. Энэ бүхэн тусалж, дэмжиж ирсэн бүх хүний л хөдөлмөр юм аа.   

Ярилцсан сэтгүүлч: Б.Нямдорж