Д.Шивааннүрдэв: Спорт, фитнессийн заал нээх нь коронавирусийн халдварлах эрсдлийг нээнэ

Аймгийн Онцгой комиссоос хатуу хязгаарлалтыг бага багаар сулруулж байгаа. Гэсэн ч зарим асуудалд иргэд бухимдалтай  байгаа юм. Тодруулбал, спорт заалны үйл ажиллагааг нээгээгүйд зарим иргэд бухимдалтай хандаж байна. Тус асуудлын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Онцгой комиссын гишүүн Д.Шивааннүрдэвээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудаас спорт заалыг одоохондоо нээхгүй байх санал гаргасан. Үүний үндэслэл, шалтгааны талаар…?

-Аймгийн Онцгой комисс сая 1 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд спорт заал, фитнесийн үйл ажиллагааг түр хориглох шийдвэрийг сунгаад байна. Ингэж хориглох олон шалтгаан байгаа юм. Спорт зааланд хүн ганцаараа очдоггүй. Сагс, гар бөмбөг тоглохын тулд дор хаяж арваад хүн цуглана. Тэнд цугласан хүмүүс амны хаалт зүүх, хоорондын зайгаа барих боломжгүй. Мөн барьж байгаа бөмбөгөө нэгэндээ дамжуулах, нэг тоног төхөөрөмжийг өртөөчлөн ашиглах гээд халдвар, хамгааллын дэглэм бүрэн алдагдах нөхцөл бүрдээд байгаа юм. Үүний зэрэгцээ спорт, фитнесийн заал нь чийглэг, агааржуулалт муу, битүү орчин учраас коронавирус үржих, халдварлах эрсдэлийг үүсгэнэ. Спорт хэдийгээр хүний биеийг чийрэгжүүлэх, дархлааг дэмжих сайн талтай боловч орчин нөхцөл нь эрсдэл дагуулах хэмжээнд байгаа учраас тодорхойгүй хугацаагаар хориглоод байгааг манай иргэд ойлгох хэрэгтэй.

-Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажил эхэлсэн. Энэ удаа 1400 гаруй хүн ирэх бүртгэл өгсөн байгаа шүү дээ.  Тэдгээр хүмүүсийг ажиглалтад авах, хяналт тавих чиглэлээр зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ хүрээнд нэлээн олон ажлыг урьдчилан зохион байгуулж байна. Өчигдөр аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, хэрхэн ажиллах талаар шийдвэр гаргасан. Холбогдох байгууллагууд хүлээсэн үүргийнхээ дагуу арга хэмжээ авч ажиллана. Эрүүл мэндийн салбараас зорчигчдоор асуумж бөглүүлэх, халууныг хэмжих, гэрийн ажиглалтад авах, тандалт судалгаа явуулах гээд олон үүрэг хүлээж байгаа. Гэрийн ажиглалтад байх 14 хоногийн хугацаанд тандалт судалгааг явуулж, түүврийн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Харин иргэд маань биеийн байдлынхаа талаар мэдээллээ үнэн зөв өгөх хэрэгтэй. Янз бүрийн зовуурь илрэх юм бол бид хариу зохих арга хэмжээг авч, үзлэг шинжилгээгээ цаг алдалгүй хийх боломжтой.

Багийн Ажлын алба, Улаан загалмайн сайн дурын идэвхтнүүд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтаас ажиглалтад байгаа иргэд, түүний ар гэрийнхэнд бүх талын хяналтыг тавина. Нэмж хэлэхэд зарим тохиолдолд шинж тэмдэггүй халдвар тархаад байгаа. Энэ бол маш аюултай учраас өөрийн болон бусдын эрүүл мэндийг дур мэдэн үнэлэлгүйгээр амны хаалтаа зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид давтлага хичээлээ танхимаар хийж эхэлсэн. Үүнд эрүүл мэндийн салбараас заавар зөвлөмж өгч, хяналт тавьж байгаа юу?

-БШУЯ-наас зөвлөмж ирсэн. Зөвлөмжид заасны дагуу нэг ангид хичээллэх хүүхдийн тоо, цаг хугацаа, хоорондын зай, халдвар хамгааллыг мөрдүүлж, агааржуулалтыг хоёр цаг тутамд сэлгэж байна. Манай салбараас тодорхой хугацаанд хяналт явуулна. Сургуулийн эмч нар ч тухайн сургуульдаа заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа.

– Улиралын чанартай томуу, томуу төст өвчлөлийн тархалт хэр байгаа вэ?

-Улирлын шинжтэй томуу, томуу төст өвчлөл урд онуудаас харьцангүй бага байгаа. Энэ нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан, иргэд гэрийн дэглэмд байгаатай холбоотой байх. Ер нь коронавирусний халдвар нь томуу, томуу төст өвчлөлтэй ижил шинж тэмдэгтэй учраас өөрийгөө ханиад хүрчихлээ гэж тоохгүй яваад байж болохгүй. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын 119 дугаартай утсанд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.

-Манай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэхэд тусгаарлан ажиглах байр, тусгаарлан эмчлэх байрны бэлэн байдал, хүрэлээ хангамж хэр байгаа вэ?

-Цар тахлын үед бид хоёр төрлийн орыг бэлтгэж байгаа. Халдварын шинж тэмдэгтэй, сэжигтэй гэж үзэж байгаа хүмүүсийг тусгаарлан эмчлэх зорилгоор Тусгаарлах эмнэлгийг БОЭТ-ийг түшиглэн бэлтгэсэн. Мөн сум бүрийн эмнэлэгт 2-3 ор бэлтгээд байгаа. Арвайхээрт 277, бусад суманд 407 ор бэлтгэсэн байна.

Тусгаарлан ажиглах байрны хувьд Арвайхээрт 831 ор, бусад суманд 2633 ор төлөвлөсөн. Шадар сайдын тушаалын дагуу зочид буудлууд, политехникийн коллеж, сургуулийн дотуур байрыг эхний ээлжинд дайчлахаар байгаа.

-Ярилцсан танд баярлалаа.